UX Design гэж юу вэ?

Bayansan Oyunbold
8 min readFeb 7, 2017

--

Надад нэг ийм зүйл их тохиолддог. Таних, танихгүй хүмүүс, найз нөхөд, бүр гэр бүлийнхэн хүртэл “Чи компьютерийн хүн юм чинь…” гэх. Их зовлонтой. Заримдаа бүр тээртэй. Тэр болгонд тайлбарлаад байх бас хэцүү. Миний мэргэжлийн талаар яг тодорхой ойлголт үгүй болохоор тэгдэг нь ойлгомжтой. UX Design одоогоор Монголд үндсэндээ байхгүй мэргэжил гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Тэгэхээр Монголчууд нөгөө төвөгтэй зүйлийг Монголчилж, энгийн болгодог шигээ шууд “Аа заза компьютер, компьютер” гэх. Радио гэхийг “араажив” гэдэгтэй л ойролцоо.

Тэгээд хүн бүрт тайлбар хийж байснаас нэг мөсөн нийтлэл болгоод биччихвэл сүүлд нь надад ч хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрэв. Юуны өмнө шулуухан хариулахад “Би компьютерийн хүн үү?” гэвэл “Үгүй”. UX Design буюу “User Experience Design” гэсэн чиглэлээр хүний нутагт Мастерын зэрэг горилж яваа “дизайнер” нэгэн билээ.

За, UX Design гэж юуг хэлээд байна вэ? Хөгжилтэй нь яг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн, нэгдсэн тодорхойлолт одоогоор байдаггүй. Хэт өргөн салбар учраас тэр л дээ. Эхлээд “experience” гэдэг үгийг Монголоор хэлэх гээд үзье. Хүн/хэрэглэгч ямар нэгэн бүтээгдэхүүнийг хэрэглээд, эсвэл ямар нэгэн үйлчилгээг аваад төрж байгаа сэтгэгдэл, мэдрэмж юм. User Experience Design гэхлээр тэрхүү төрж байгаа сэтгэгдэл, мэдрэмжийг хэрхэн бий болгох, бүтээх вэ гэдэг дээр анхаардаг салбар гэсэн үг.

Дизайны салбар. Маш шинэ салбаруудын нэг бөгөөд сүүлийн 10-аад жилд л асар их хүчээ авч буй. Одоогоор 3rd generation буюу гурав дугаар үе дээр хөгжиж яваа. Энийг товч тайлбарлавал:

  1. 1st gen — Компьютерын шинжлэх ухаанаас эхэлсэн. Асар том нүсэр, өрөө дүүрэн компьютерүүдийг хүний өдөр тутмын хэрэглээ яаж болгох вэ гэдэг асуултаас энэ дизайны салбар үүссэн нь бол үнэн. Хүн бүрийн мэдэх Steve Jobs бол UX Design-ы маш том төлөөлөгчдийн нэг гэхэд болно. Асар хол хөндий байсан зүйлсийг бидний өдөр тутмын хэрэглээ болгож чадсан.
  2. 2nd gen — Cognitive Psychologу-г анхаарч үздэг болсон. Монголоор юу гэж орчуулдгийг сайн мэдэхгүй юм гэхдээ энэ бол танин мэдэхүйн буюу хүн мэдээллийг тархиндаа хэрхэн хүлээж авч, яаж боловсруулж, хадгалаад, эргүүлж өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг вэ гэдгийг судалдаг сэтгэл зүйн салбар ухаан юм. Хүнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ хийхийн тулд хүнийг судлах хэрэгтэй нь ойлгомжтой.
  3. 3rd gen — Илүү социологи буюу нийгмийг хамарсан, нийгэмд чиглэсэн болж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор маркетинг, этик, entrepreneurship зэрэг салбаруудыг зайлшгүй судалдаг. Энэнд технологийн дэвшил бас асар их нөлөө үзүүлсэн гэхэд болно.
  4. 4th gen — Ирээдүйд бол convergence буюу нийлбэрийг бид харж байна. Юуг хэлж байна вэ гэхлээр энэ салбартай холбоотой маш олон асуултууд сөхөгдөж байгаа. Жишээ нь: Төслийн менежерүүд бүгд UX Designer-ууд байх ёстой юу? Эсвэл маркетингийн шинжлэх ухаанд UX Design байх ёстой юу эсвэл UX Design нь өөрөө маркетингийг багтаах ёстой юу? гэх мэтчилэн.

Дээрх 4th gen нь UX Designer нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хийж боловсруулахдаа бүх процесс, алсын харааг нь харж, хянаж, удирдаж, зохицуулж байдагтай холбоотой юм. Why, What and How буюу Яагаад? Юуг? Хэрхэн? гэдэг гурван асуулт бол Ultimate Question of UX Design (үндсэн гурван асуулт) гэж тооцогддог. Яаж хийх вэ, ирээдүйн хөгжил, хэрхэн сурталчилах гэх мэтчилэн. Ер нь бол UX Design-ы хүмүүс Creative Director, Art Director-р ажиллах нь маш элбэг. Мөн product designer, interactive strategist, digital product specialist, online marketing specialist, interaction designer гэх мэтчилэн өөр чиглэлүүд байна.

UX Design бол multi-disciplinary field буюу олон өөр салбаруудын нийлбэр. Маш олон салбарыг судалдаг бөгөөд үүн дотроос салшгүй үндсэн гурван салбар, тулгуур баганууд нь:

  1. Technology буюу технологи. Энэ зууныг бол технологийн дэвшилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Одоогоос 6 жилийн өмнө дэлхий дээр iPhone огт байгаагүй гээд төсөөлөөд үз л дээ.
  2. Cognitive Psychology буюу сэтгэл зүй. Хүний аливаа бүтээгдэхүүн үйлчилгээнээс хамгийн их хүсдэг зүйл бол Personalization буюу өөртөө тааруулах, Customization буюу өөрчлөлт, нийцүүлэлт байдаг. Гэхдээ хүн бүрт, улс үндэстэн, соёл иргэншил бүрт зориулан тус тусд нь бүтээгдэхүүн хийнэ гэдэг бүтэхгүй зүйл. Цагаан өнгийг гэгээлэг сайхан өнгө гэдэг боловч зарим орнуудад оршуулганы өнгө гэж хүлээж авах жишээтэй. Тэгэхээр хүнээ судалж. хэрэглэгчдээ ойлгож авах үүднээс сэтгэл зүйг чухлаар авч үздэг.
  3. Visual Design буюу дизайн. Ойлгомжтой. Хүн мэдээж эвтэйхэн, эргономик сайтай, өнгө үзэмжтэй, өвөрмөц, загвар сайтай бүтээгдэхүүнийг нь хэрэглэхийг хүсдэг.

Энэ салбар луу олон янзын мэргэжил, мэргэшилтэй хүмүүс орж ирнэ. Дизайн, технологи, бизнес, сэтгэл зүй, маркетинг гэх мэт. Бүгд өөрсдийн сонирхолд нийцүүлэн дээр дурдагдсан гурван баганы аль нэгийг нь арай илүүтэйгээр барьж, фокуслаж явдаг. Маш хөрвөх чадвар өндөртэй гэсэн үг. Энэ нь multi-disciplinary салбарын нэг давуу тал юм. Энэ салбар луу ороход миний өмнөх сурсан зүйлс, мэргэжил, ажиллаж байсан туршлага маш их хэрэг болсон л доо. Миний хувьд бол дизайныг үндсэн фокусаа болгож явдаг. Өнгө, будаг, шрифт, урлагийн түүх гээд л уламжлалт график дизайны бүх шинжийг агуулдаг боловч ганц ялгаатай тал нь гэвэл аливаа дизайныг хэт абстракт эсвэл гоё харагдах болон далд мессеж артистик байдлаар илгээх гэхээсээ илүүтэйгээр хүмүүст зориулж, олон хүмүүсийн судалгаа, дата, тоо баримт, сэтгэл зүй, технологи, маркетингд тулгуурлаж хийдгээрээ ялгаатай. Жишээ нь: Нэгэн сурталчилгааны маш үр дүнтэй постер хийх шаардлагатай байна гэж бодъё. Зөвхөн агуулга, гоё харагдах дээр анхаарахаас гадна тооцоон дээр үндэслэнэ. Хүн аливаа зүйл руу 100 миллисекунд хугацаанд харах юм бол eye fixation буюу тэр зүйлийг харсан гэж тооцдог. Харин шийдвэр гаргахын тулд 500 миллисекунд харах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг сурталчлахдаа аль үгийг 100 миллисекунд, алийг 500 миллисекунд харуулах вэ? Алийг нь илүү emphasize хийх вэ? гэдэг ч юм уу, тиймэрхүү маягаар тооцож дизайнийг хийдэг гэсэн үг. Facebook-т хүмүүс яагаад донтоод байна вэ? Ард нь сэтгэл зүйгээр чинь тоглохын тулд цалин авдаг бүхэл бүтэн баг байгаа учраас л тэр.

Тэгэхлээр намайг компьютерийн хүн гэж хэлэх нь арай л хэтэрхий өрөөсгөл ойлголт байгаа биз… College of Design-ы UX Design оюутнуудыг “компьютерын хүн” гэж хэлэх юм бол худалч хүнд бараг “What did you say, fool? I design. I design for people.” гээд эхэлнэ шүү дээ.

Монголд UX Design гэхлээр зөвхөн вэбд ч гэх юм уу маш хавчигдмал хүрээнд ойлгох нь бий. Үгүй юм. Вэб бол энэ салбарын зөвхөн нэгээхэн хэсэг нь. Хүнд зориулсан, хүнд ямар нэг сэтгэгдэл төрүүлж л байгаа бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд энэ салбар хамаарна. Ерөөсөө хүнд зориулж, нийцүүлж бүтээх юм. Жишээ нь: музейн загвар, рестораныг хэрхэн хийх вэ, банкны оочерыг яаж зохицуулах вэ, автомат хариулагчийг яаж эвтэйхэн болгох вэ, яаж хүн мэдээллээ амархан олчих вэб хуудас хийх вэ гээд асар олон зүйлc байна. Энэ салбарын хамрах хүрээ нь асар өргөн гээд л ойлгочиход болно.

Жишээ татъя л даа. Намайг Монголд байхад манай гэрийн ойролцоо нэр бүхий үүрэн телефоны операторын салбар үйлчилгээний цэг байсан. Орохоор нэг билет шиг дугаар авч оочер хүлээдэг ш дээ. Одоо ямaрыг нь мэдэхгүй, гэхдээ тэр машин нь үүднээсээ нэлээн хол нүдэнд өртөхөөргүй байдаг байсан. Би анх тийм машинтай болчихсон байхад нь анзаарахгүй өнгөрөөд оочерлоод балай юм болж байсандаг. Хэрвээ үйлчлүүлэгч орж ирээд хамгийн эхэнд хийх ёстой зүйл тэр машинаас дугаар авах бол тэр машин хүний нүдэнд шууд харагдахаар, анхаарал татахуйц байх ёстой. Эхний үйлдэл. Анхаарал татна гэхээр нээх хурц өнгө, улаан өнгөөр бичээд л, анхаарлын тэмдэг тавиад л хийхийн нэр биш. Улаан өнгө чинь анхаарал татдаг боловч гэрэлтүүлгийг нь зөв шийдэхгүй бол бага гэрэлтэй орчинд хар өнгөтэй харагдаад анхаарал татахааргүй болчихдог. Америкийн замын тэмдэгүүд цайвар ногоовтор өнгөтэй байдаг нь ер нь бол тийм учиртай.

За тэгээд машинаа олоод очингуут дэлгэцэн дээр нь баахан яг ижил хэмжээтэй дөрвөлжингүүд (дарах ёстой товчнууд), бүгдийг нь бараг уншиж байж, толгой эргэж байж өөрийнхөө хийх гээд байгаа юмыг олно. Миний бодлоор бол орж ирж байгаа нийт хэрэглэгчдийн тэдэн хувь нь ийм үйлчилгээ авдаг, тэдэн хувь нь ийм үйлчилгээ авдаг гэсэн судалгаа гаргаад, жагсааж байгаад, хамгийн их үйлчилгээ авдаг 2–3 үйлдэл нь томоор хүнд шууд уншигдахуйц байхаар хийж шийдвэл үр дүнтэй юм. Шууд бүгдийг нь өрөөд тавьчих биш. Гэх мэтчилэн. Хүн орж ирээд нэг дугаар авахын тулд минут байтугай секунд алдах ёсгүй байхгүй юу ер нь бол.

Тэгээд энэний загварыг хэн хийсэн бэ? Интерьер/дизайны компани уу? Тэд нарт буруу өгч болохгүй. Яагаад гэвэл тус операторын хэрэглэгчдийн талаар, сэтгэл зүйн талаар сайн мэдэхгүй. Нөгөө операторын маркетингийнхан уу? Бас буруу өгч болохгүй. Хэрэглэгчдийн мэдээлэл байгаа мөртлөө дизайн ч гэх юм уу, технологийн нарийн мэдлэг, шийдэл гаргах чадвар арай дутмаг. Тийм юм хэрэгтэй байна гээд захиалгаа өгсөн, тэгээд гүйцэтгэгч компани чанартай, гоё харагдах юм хийсэн. Аль аль талдаа болчихсон юм шиг байдаг. Даанч энэ хоёрын дунд мэдээллийн алдагдал үүсээд, UX хаягдаад, үр дүнд нь хэрэглэгч нар хохирч, толгой нь эргээд байна гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Энэ ерөөсөө хаа сайгүй байдаг асуудал. Энэ дунд UX Design гүүр болж өгөх ёстой юм.

“User Experience is not about designing nice things anymore. The future of UX is making ideas about user acquisition and growing engagement.”

Энд бас энэ салбарыг сонирхож буй хүмүүс уншиж байгаа байх гэж бодож байна л даа. Хувийн зөвлөгөө хэлэхэд UX Design-ыг судалдаг сонирхдог хүмүүс ерөөсөө деталь дээр маш сайн анхаардаг байх ёстой. Жижиг зүйлс. (Гэхдээ дизайн талаасаа фокуслах хүмүүст илүү хамаарах болов уу) Хамгийн гол нь эдгээр жижиг зүйлс л хүнд төрж байгаа сэтгэгдэл, мэдрэмжийг бараг бүхэлд нь удирдаж байдаг. Өнгөний зөрөө байна уу, үг үсгийн алдаа байна уу, нэг пикселийн зөрөө байна уу ерөөсөө бүгдийг нь нарийн авч үзэх хэрэгтэй. Perfectionist маягийн ч юм уу даа. Ердөөсөө аливаа зүйлийг маш сайн ажигладаг л байх хэрэгтэй. Өдөр тутмын амьдралаасаа, гэрээсээ гараад л зүгээр ажигла. Эргэн тойронд чинь асар их мэдээлэл байгаа. Хүмүүс юмыг яаж хэрэглэж байна, юун дээр алдаж байна, юуг хэрэглэж чадахгүй байна, юун дээр уурлаж байна, юун дээр баярлаж байна, хоорондоо яаж харилцаж байна, ямар үг хэрэглэж байна гэх мэтчилэн. Ирээдүйд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүтээхэд хийхэд ажигласан зүйлс чинь л хамгийн сайн туслах чинь байх болно. Яахав зарим хүмүүс бол шууд хүнээс судалгаа авах, асуух гэх мэтчилэн судалгааны аргыг хэрэглэдэг л дээ. Гэвч шууд хүнээс асуух, судалгаа авахад, хичнээн нэрийг нь дурдахгүй гэсэн байсан ч гэсэн судалгаанд оролцож буй хүмүүсийн 30–50% нь үнэн зөв хариулдаггүй гэсэн баримт байна. Тэгэхээр зүгээр л ажиглах буюу observational method хамгийн үр дүнтэй нь. Ажигла тэгээд ажиглахдаа юмыг өөрөөр харахыг хичээ. Жишээ нь үзэг гэвэл хүн өдөр тутам авч явдаг зүйлүүдийн нэг. Гэхдээ үзэг яагаад үзэг байх ёстой гэж? Өөр юу байж болох вэ? Миний хувийн бодол л юм даа.

Тэгээд илүү гүнзгий судлахыг хүсч байвал дараах номыг юу ч гэсэн нэг уншаарай. Доналд Норман бол энэ салбарын хамгийн том нэрнүүдийн нэг. Энэ ном бол түүний томоохон бүтээлүүдийн нэг. Гэхдээ энэ номон дээр UX Design бол ийм юм, ингээд хийчихнэ гэсэн шууд хэлчихсэн юм байхгүй. Үндсэндээ бол 300 хуудас хаалганы бариулын тухай ярина л даа хэхэ. Гэхдээ уншаад дуусахад танд ерөнхий нэг “Аан. Нээрээ тийм юм байна шүү.” гэх ойлголтыг хангалттай өгсөн байх болно.

Multi-disciplinary салбар гэдэг дээр өөр нэг жишээ хэлэхэд би College of Human Sciences буюу Хүн зүйн шинжлэх ухааны коллеж-д хамаарагддаг, гэхдээ миний бүх цаг College of Design (Дизайн коллеж) дээрх арт студиод өнгөрдөг, харин миний оффисийн ширээ Virtual Reality Application Center буюу Виртуаль Орчинд судалгаа шинжилгээ хийдэг лабораторид байдаг, тэгсэн мөртлөө миний зөвлөх профессор School of Education-н хүн (Боловсролын сургууль), миний шүүмжлэгч профессорууд болохоор Дизайн коллеж болон Бизнес коллежийн профессорууд. Сайн мэдэхгүй хүний толгой эргэх нь бол аргагүй юм. Гэрэл тусахад сүүдэр заавар байна гэж…

Миний хувийн дүгнэлтээр бол UX Design ирээдүйн мэргэжил. Миний сонгосон шалтгаан ч гэсэн тэр. Одоо Америкт бол UX Design-ы үр нөлөө, чухлыг ихэнх томоохон компаниуд ойлгодог, ашигладаг, хэрэглэдэг, бүр CUXO гээд C-level албан тушаал хүртэл байдаг болчихсон. Монголд маань ч гэсэн хэсэг хугацааны дараа бас хүчтэй яригдаж эхлэх болов уу гэж л найдаж байна. За нэг иймэрхүү. Ингээд дуусгая. Хэт урт болчихлоо. (Curse of the Grad School!) Энэ хүртэл уншсан бол…you’re awesome!

--

--